Таны орсон байгаа хуудас:Блогууд / naranbayar's blog / shuleg

shuleg


By naranbayar - оруулсан онгоо15 July 2010

Шүлэг минь чи нис

Амнаас ам дамжин таван тивийг өртөөлсөөр

Буурал нутагтаа иртлээ

Шүлэг минь чи нисээрэй

Хэдхэн мөр үгсээр жигүүр чамд ургуулъя

Хэдхэн бадаг үгсээр утгыг нь харин би зангидая

Элэг нэгтэй түмний минь сэтгэл зүрхэнд ортол

Шүлэг минь чи ниссээр эргээд нутагтаа ирээрэй

Хатан туул эх минь ширгэхийн наагуур урсаж байна

Хамаг газар шороо минь бусдын мэдэлд очсон байна

Хацар гоо охид минь мөнгөөр биеэ өгсөөр байна

Харин Монгол оронд минь шударга ёсон дутаж байна

Төрд гарсан хүнд толгой ардын толгойг цустахаас наашгүй

Газар нутгаа зарж идээд харийхны боол болсноос наашгүй

Хятад ноёдод тэд үйлчилж ард түмнээ харин мартжээ

Хар амиа хоохойлсоор харалган болжээ хөөрхийс тэд

Шүлэг минь чи харин нис

Худалч шунахай ноёдын хар дарсан зүүд нь болж

Үдэш оройн цагаар түүний бодолд айлчлаарай

Үнэнч шударгуу түшмэлийн зүрх сэтгэлийн дуулал болж

Олон түмнээ уриалахад нь бамбай нь болж хамгаалаарай

Шүлэг минь чи ниссээр

Харийн нутагт монгол хүний чихэнд хүрвэл

Сэтгэлийн гүн, зүрхний мухарт байрлах

Нутгаа гэх бардам омгийг нь цочоож

Эх нутгаа зорин ирэх тэднийг чи замд нь хөтлөх

Шударга ёсны дуулал болж

Шүлэг минь чи нис

Хотоос хөдөө умраас өрнөд рүү

Уудам Монгол орныг минь хөндлөн гулд аялсаар

Хүн бүрийн чихэнд нь хүрч хамаг улсыг сэрээтэл

Дорнын догшин салхин лугаа

Шүлэг минь нисээрэй

Эгэл олон ардынхаа итгэл мөрөөдөлийг нь тээж

Энэхэн хорвоо дэлхийг бүхэлд нь чи туулаарай

Эрхт Монгол улсыг минь эргээд мандах хүртэл нь

Ээрэм их талд минь дураар нисэж яваарай

Шүлэг минь чи нис

Амнаас ам дамжин таван тивийг өртөөлсөөр

Буурал нутагтаа иртлээ

Шүлэг минь чи нисээрэй